Monday, January 10, 2011

Iran - Цөмийн бөмбөг бүтээхэд ойрхон байна

1 цаг 54 минутын өмнө
Цөмийн бөмбөг бүтээхэд ойрхон байна
Иран улс цөмийн хүрээнд шинэ амжилтад хүрлээ. Одоо тус улс бусад шиг реакторт зориулсан түлшний гол болон хавтанг өөрсдөө хийж чадахаар болсон байна. Ираны Атомын байгууллагын тэргүүн, гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Аль Акбар Салехи энэ тухай мэдэгджээ.

Тэрбээр “Түлшний гол болон хавтанг Исфахан хотод хийсэн. Энэ оны намар гэхэд 20 хувиар баяжуулсан уранаар хийсэн анхны голыг, эмнэлэгт зориулан изотоп хийдэг Тегераны судалгааны реакторт нийлүүлж эхэлнэ. Барууны орнууд эсэргүүцлээ ч гэсэн ийм 40 кг ураны нөөцтэй болсон” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Иран улс одоо түлшний бүхэл бүтэн циклтэй боллоо гэсэн үг. Тэгэхдээ бүр Стамбулд энэ сарын 20-нд зуучлагч зургаан улс өөрийнх нь цөмийн асуудлаарх хэлэлцээрийн өмнө ийм том үйл явдал тохиожээ. Зуучлагч зургаад ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Их Британи, Герман багтдаг юм. Талууд 14 сар уулзаагүй бөгөөд итгэлцлийн уур амьсгалыг бий болгохын тулд тэрхүү реакторт нийлүүлэх түлшний тухай асуудлыг эхлээд хэлэлцье хэмээн зургаагийнхан санал болгож байв. Гэвч энэ сэдэв бол цаг үеэс хоцрогдсон гэдгийг Тегеран ойлгуулахыг оролдож байгаа аж.

ОХУ-ын шинжээч Георгий Мирский “Иран юуны тухай, юу ч гэж мэдэгдэж чадна. Хамгийн гол нь тэдний түлшний гол болон хавтанг яагаад ч шалгаж чадахгүй. Өөрсдийгөө үнэ цэнэтэй болгох гэж худал мэдэгдэл цацсан байх боломжтой. Та нар бидний эсрэг хориг арга хэмжээ авч багалзуурдаж байна. Тэглээ гээд яаж ч чадахгүй. Бид урагшаа ахисаар л байна. Удахгүй бид хэдэн арван мянган центрифугтэй болно. Ураныг баяжуулахын тулд бид бүхнийг аль хэдийнээ хийчихсэн. Өөрсдийнхөө хүчээр үүнийг 20 хувь хүртэл баяжуулчихлаа. Одоо бидэнд түлшний бүхэл бүтэн цикл байна. Мөн түлшний гол хийж байна гэж Ираны тал гайхуулж байгаа юм” гэжээ.

Тэгэхээр ойрын үед болох хэлэлцээрийн ирээдүй бүрхэг аж. Тэр тусмаа Тегеран дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардаж байгаа уран баяжуулах ажлаа зогсоо гэсэн шаардлагаас татгалзана гэсэн үг. Иран улс үүний зэрэгцээ нэгэн дипломат алхам хийлээ. Тэд улсынхаа Натанзе, Арака хотод байгаа атомын үйлдвэрүүдийг ирж шалгана уу гэсэн урилгыг олон улсад явуулжээ. Харин зургаагийнхнаас ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдийг л урьсан байна. Энэ бол Стамбулд болох хэлэлцээрийн өмнө эвслийг хагаралдуулах гэсэн муу санаа гэж барууныхан дүгнэв.

Голландын мэргэжилтэн Ван Чостерс “Энэ урилгыг мэргэжилтнүүдэд биш олон улсад явуулсан. Урьд нь хийж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийн дагуу тус улсын объектуудыг зөвхөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) мэргэжилтнүүд л шалгах ёстой. ОУАЭХА-ийг уриагүй учир энэ урилга ямар ч утгагүй болж байна гэсэн үг. Урилга явуулсан нөлөө бүхий улсууд Иранд очихгүй гэдгийг тус улсын удирдлагууд ойлгож байгаа” гэжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ираны тал мэдэгдэхдээ “Манай цөмийн хөтөлбөр энх тайвны зорилготой гэдэгт та бүхнийг итгүүлэхийн тулд урьсан. Та нар урилга хүлээн аваагүй шүү дээ” хэмээжээ. Ийн мэдэгдсэн нь Ираны шалтаг аж. Иймээс шинэ хандлага олох гэсэн зургаагийн зорилго мухардав. НҮБ-аас Тегераны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээ муу үйлчилж байгаа одоо үед Ираны цөмийн асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй ажээ.

Хэрэв иранчууд ураныг 90 хувь хүртэл баяжуулбал атомын бөмбөг бүтээх ажилдаа шуурхайлан орно. Энэ нь хугацааны хувьд 2015 оноос өмнө болохгүй. Харин зарим улстөрчийн үзэж буйгаар Израйль улс тэвчээр алдан Ираны цөмийн объектуудад цохилт өгч мэднэ. Тэд  Персийн булангийн хэд хэдэн улс даруйхан цохилт өгөхийг уриалж байгаа юм. Хэрэв цохилт өгч эхэлбэл цэргийн мөргөлдөөн үүсээд  зогсохгүй дайн гарах магадлалтай байгаа аж. Иймээс энэ сарын 20-нд болох Стамбулын уулзалт мэдэгдэхүйц үр дүнд хүрэх хэрэгтэй юм.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/  2011.01.11

No comments:

Post a Comment