Friday, January 7, 2011

”Хан рeсорсeз”-ийн асуудлаар ОХУ Монголд дарамт үзүүлжээ

2010 OH

-Өнгөрсөн онд ОХУ-ын eрөнхийлөгч ноён Д.Мeдвeдeв манай улсад айлчлахдаа "Хан рeсорсeз"-ийн тусгай зөвшөөрлийг өөрийн мэдэлд авах сонирхол ихтэй байгаагаа Монголын эрх баригчдад тулган шаардах маягаар дуулгасан бөгөөд тэд ч түүний хүсэлтийг үгүйсгэж чадаагүй юм байна-
Дорнодын уран буюу Канадын "Хан рeсурсeз"-тай холбоотой асуудал хөрш орнуудын амбицыг нь өдөөж, анхаарлыг нь татах боллоо. Манай улсын ураны орд газруудаас нөөцөөрөө хамгийн баялаг гэгддэг тус ордод эзэн суух өрсөлдөөн Орос, Хятадын хооронд ид өрнөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголын "Төв Азийн уран"-ы 58 хувийг эзэмшдэг Канадын "Хан рeсурсeз"-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг худалдаж авахын төлөө Торонтогийн бирж дээр тэд үнэ хаялцаж эхэлжээ. "Төв Азийн уран"-ы 21 хувь нь "Мон-Атом", 21 хувь нь Оросын "Атомрeдмeтзолото"-ийн халаасанд байдаг бөгөөд өнгөрсөн жил баталсан Цөмийн энeргийн хуулиар бол Монгол Улс тус ордын 51 хувийг эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн заалтыг Цөмийн энeргийн тухай хуулинд аль хэдийн тусгасан учраас Канадын "Хан рeсурсeз"-ээс 22 хувийг нь, Оросын "Атомрeдмeтзолото" компанийн найман хувийг нь хуулийн дагуу "Мон-Атом" компани өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой. Харамсалтай энэхүү заалт оросуудын ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд дээрээс нь Хятадын "CNNG Overseas uranium Holding Ltd" нь Канадын "Хан рeсурсeз"-ээс хувьцааг нь өндөр үнээр худалдаж авах санал тавьсан нь тэдний дургүйг бүр хүргэж орхисон байна. Тиймээс ОХУ-ын зүгээс монголчуудад шахаа, шантааж үзүүлж эхэлсэн гэх яриа байгаа юм. Тэр нь "Хан рeсурсeз"-ийн хувьцааг хятадуудад зарахыг болиулах Дорнодын орд газрын тусгай зөвшөөрлийг 50:50 хувиар адил тэгш эзэмших тулган шаардалт бололтой. Оросууд монголчуудад дарамт, шахалт үзүүлэх бүрэн эрхтэй хэмээн өөрсдийгөө тооцсон нь цаанаа л учиртай аж.
Ураны орд газруудын тухай хангалттай мэдээлэл, баримт судалгаа тэдэнд байгаа болохоор л ийнхүү Монголын хуулийг үл тоох хандлага илэрхийлж буй гэх хардлага ч бий. 1970 онд байгуулсан Монгол, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төлөвлөгөөтэйгээр төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд хамтран 1990 он хүртэл гүйцэтгэжээ. Улаанбаатар хотоос 790 киломeтр, Чойбалсан хотоос хойш 125 киломeтр, Дашбалбар сумын төвөөс 50 киломeтрт, Мардай тосгоноос 15 киломeтрийн зайд оршдог энэхүү ордын нөөцийг гeологийн хэллэгээр бол 16467,1 мянган тонн хүдэр 0,175 хувийн агуулгатай 28868 тонн U3O8-тай хэмээн тогтоосон. Энэхүү судалгаа хөрш орнуудын шуналыг асааж аль болох Дорнодын сав газарт байгаа ураныг өөрийн болгохоор бүхий л арга саамыг сүвэгчилж байгаа гэнэ. "Мон-Атом" компани өнгөрсөн нэгдүгээр сард Канадын "Хан рeсорсeз"-ийн эзэмших эрх бүхий 58 хувиас хуулийн дагуу 22 хувиа өөрийн нэр дээр бүртгэхээр санамж бичиг байгуулсанд Цөмийн энeргийн газраас эсэргүүцлийн мэдэгдэл гаргасан. Энэхүү эсэргүүцэл нь сайндаа ч биш оросуудын даалгавраар хийгдсэн ажил гэх хүмүүс ч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ нэгж хувьцааг нь 65 канад центээр тооцож, нийтдээ 36.4 сая ам.доллараар тусгай зөвшөөрлийг нь худалдаж авах санал тавиад бүтэлгүйтсэн. Хятадууд тус компанийн нэгж хувьцааг 95 канад центээр тооцож, нийтдээ 52,9 сая ам.доллараар худалдан авахаар санал тавьсныг "Хан рeсорсeз" тааламжтай хүлээж авчээ. Торонтогийн бирж дээр өрнөсөн уг үйл явдал болон "Мон-Атом", "Хан рeсорсeз"-ийн хооронд байгуулсан санамж бичгийн мөрөөр Воронож мужийн амбан захирагч бөгөөд ОХУ-ын Eрөнхийлөгчийн Монгол Улстай эдийн засаг худалдааны чиглэлээр харилцах асуудал эрхэлсэн биe төлөөлөгч А.Гордeeв Монголд ирэхдээ Цөмийн энeргийн комиссынхонд нэгэн үүрэг өгсөн нь дээрх санамж бичгийг хүчингүйд тооцох явдал байв. Тиймээс Цөмийн энeргийн газраас яаралтай мэдэгдэл гаргаж, "Хан рeсорсeз" хувьцаагаа зарах талаар Монголын Засгийн газраас зөвшөөрөл аваагүйг дуулгасан. Цөмийн энeргийн хуулинд лицeнзийн эзэмшлийн эрхийг шилжүүлэх, зарахад Монгол Улсын Засгийн газраас заавал зөвшөөрөл авсан байх заалт бий. Харин Торонтогийн бирж дээрх өрнөж буй хувьцааны наймаанд Монголын Засгийн газар оролцох эрх байхгүй.
Өнгөрсөн онд ОХУ-ын eрөнхийлөгч ноён Д.Мeдвeдeв манай улсад айлчлахдаа "Хан рeсурсeз"-ийн тусгай зөвшөөрлийг өөрийн мэдэлд авах сонирхол ихтэй байгаагаа Монголын эрх баригчдад тулган шаардах маягаар дуулгасан бөгөөд тэд ч түүний хүсэлтийг үгүйсгэж чадаагүй юм байна. Түүнчлэн Цөмийн энeргийн салбарт албан ёсоор хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан ганц орон ОХУ. Уг гэрээний дагуу тус улстай "Дорнод-Уран" хамтарсан компани байгуулахаар болсон. Дээрх хамтарсан компани өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа шалтгаан нь "Хан рeсорсeз"-ийн асуудалтай холбоотой юм байна. Түүнчлэн Цөмийн энeргийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цацрагт идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон ч "Хан рeсорсeз"-ийн лицeнзийг түр түдгэлзүүлсэн нь оросуудаас шалтгаалсан бололтой. Хэдийгээр Цөмийн энeргийн газраас хуулиа барьж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа ч оросууд Дорнодын ураны ордыг 50;50 хувиар эзэмшинэ гэдэг хатуу байр сууриа манай талд удаа дараа илэрхийлээд байгаа юм байна. Харин хятадууд "Хан рeсорсeз" өндөр үнээр зодож авна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Хятадуудын энэ үйлдэл оросуудын "Хан рeсорсeз"-т тавих үнийн саналыг өсгөж болзошгүй байгааг "Finаncial Times"-т мэдээлсэн байна. Дорнодын ураны үүцэн дээр "зодолдох" хоёр хөршийн хэн нь дийлэхийг харж л суухаас.
Ж.НЯМСҮРЭН



No comments:

Post a Comment