Friday, January 7, 2011

Ураны салбар урагшлах нь уу?


Улсын хэмжээнд цор ганцхан байсан ашиг­лал­тын лицензийг цуцал­сан Цөмийн энергийн газрын шийдвэр нэг хэсэг дуулиан шуу­гиан тариад амжсан. Асуу­дал эрхэлсэн агентлаг нь тусгай зөвшөөрлийг цуцалсан байтал төрийн өмчит “Мон атом” компани “Хан ресорсез” компанитай санамж бичигт гарын үсэг зурсан нь эл шуугианы гол шалтгаан байсан юм. “Мон атом”-ын энэхүү үйлдлийг Цөмийн энергийн газраас тун болчимгүй хэрэг хэмээн тодорхойлж, мэдэгдэл хүртэл гаргаад амжсан. Цөмийн энергийн газрынхан “Төв Азийн уран” компанийн ашиглалтын лицензийг цуцалсан шийдвэрээ одоо ч хамгаалсан хэвээр.  Харин “Хан ресорсез” компани тус агентлагийн шийдвэрийг хууль бус хэмээн шүүхэд хандаад байгаа. Энэхүү маргаан зөвхөн хоёр байгууллагын асуудал биш бөгөөд ураны салбарын ойрын ирээдүйг тодорхойлох гол учиг болж, цаашилбал, хоёр улсын харилцааны асууд­лыг ч хөндөхөөр байдалд хүргээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр ОХУ-д хийх байсан айлчлалаа хойшлуулах гол шалтгаан болсон гэгдэж байсан.
ОХУ, Франц, БНХАУ, Япон, Энэтхэг гэхчилэн олон оронтой ураны хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр хийчихсэн өнөөгийн нөхцөлд Цөмийн энергийн газар, “Хан ресорсез”-ийн хоорондын маргаан хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажигласаар. Стра­те­гийн ач холбогдолтой эрдэс болох ураныг ОХУ-тай хамтран  ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь “Хан ресорсез” компанийг хардлагын эх суурь болоод байгаа нь нууц биш юм. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ ёсоор бол “Дорнод уран” өнгөрсөн онд байгуулагдах байлаа. Гэвч өдгөөг хүртэл компани байгуулагдаж амжаа­гүй нь өнгөрсөн оноос улбаатай маргаан мэтгэлцээнээс шалт­гаалсан байх. “Тун удахгүй Засгийн газрын хурлаар оруул­на” гэсэн тайлбартайгаар хагас жилийг үдэж буй “Дорнод уран”-ы хувь заяанаас манай улсын ураны салбар урагшлах уу үгүй гэсэн шийдлээ хүлээж байна. Харамсалтай нь, энэ асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.
Аль эртнээс л юун Оюутолгой, Тавантолгой, ураны ордууд дээр л гол “дажин” дэгдэнэ гэлцэж байсан ч яг өнөөдрийн байдлаар ураны салбар “таг чиг ажин түжин”. Яг үнэндээ бол юу болж байгаа, юу болох гээд байгаа нь тодорхойгүй. Зөвхөн дээрх маргаан төдийгүй ураны бусад ордуудын лицензийн асуудал ч тодорхой бус байгаа.  Урантай холбоотой бүхий л харилцааг Цөмийн энергийн газар хариуцдаг болж, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд ураны холбогдолтой бүх мэдээ, материалуудыг Ашигт малтмалын газраас тус агентлагт шилжүүлээд байгаа. Ашигт малтмалын газраас 27 аж ахуйн нэгжид холбогдох 164 лиценз буюу мэргэжлийн хэллэгээр хайгуул, олборлолтын талбайг тус агентлагт шилжүүлэн өгснөөс  өнөөдрийн байдлаар 18 аж ахуйн нэгжид хамаарах 130 тусгай зөвшөөрлийг олгосон. Цөмийн энергийн тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохын тулд 1-6 сарын хугацаанд хянан үзэж шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэх хугацаа тавдугаар сарын 15-наас дуусгавар болсон ч зарим нэг аж ахуйн нэгж   ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалсны улмаас маргаан үүсгэсэн учир эл хэргийг шүүхээр шийдтэл ашиглалтын лиценз олгохгүй гэдгээ тус агентлагийнхан мэдэгдээд байна.  Ураны лицензийн асуудал ийнхүү “нуувч”-нд орохын зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахин шинээр огт лиценз олгохгүй, шилжүүлэхгүй байх чиглэл өгсөн учраас одоо үнэндээ Монгол Улсад ураны ашиглалтын лицензийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж бардам дуугарах ганц ч компани байхгүй болоод байгаа юм. Одоо байгаа мэдээллээр бол лиценз олгох талаар шинэ хууль батлан гаргасны дараа л энэ асуудлыг цэгцлэх бололтой.
Дээрээс нь ураны нөөцөөр дэлхийд 15-д жагсдаг Монгол Улсын нөөц ч тодорхой биш хэвээр. Улсын хэмжээнд тогтоогдсон ураны нөөцийн хэмжээ 1,3 сая тонн гэсэн мэдээлэл байдаг ч батлагдсан нөөц нь 60 мянган тонн гэж  өнгөрсөн онд “Мон атом” компанийнхан УИХ-ын гишүү­дэд танилцуулж байсан юм. Харин зарим эх сурвалж бат­лагдсан нөөц 38 мянган тонн гэх нь ч бий. Гэвч яг одоогийн байдлаар ураны хэдий хэрийн нөөцтэй болохоо нэгмөр тогтоож чадаагүй байгаа. Дээрх иш татсан 15 дугаарт орж байгаа гэдэг үзүүлэлт нь зөвхөн Монголын зүүн болон зүүн өмнөд бүсийн тогтоосн нөөц.Баруун бүс нутагт ураны эрэл хайгуул огт хийгээгүй байгаа. Тиймээс ураны нөөц одоо тогтоосноос хэд дахин их байх боломжтой. Нөөцийг нь баттай тогтоогоогүйгээс эрдсийн бусад салбарт  үүссэн маргаан мэтгэлцээн энэ салбарыг ч тойрохгүй нь ээ.
Манай улсын хувьд ураны хамгийн том  орд нь Дорнодын ураны  орд газар юм. Уг орд нь Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Уг орд газарт улсын хэмжээнд  А болон В зэрэглэлээр тогтоосон бүх нөөц  багтдаг. Хамгийн том хэсэг болох Дорнодын орд газрыг1995 оны гурван талын гэрээний дагуу байгуулагдсан Монгол-ОХУ-Канадын хамтарсан “Төв Азийн Уран”  ХХК  эзэмшдэг ба дүрмийн сангийн 21 хувийг Монголын тал,  мөн 21 хувийг ОХУ, үлдэх 58 хувийг Канадын “Хан ресорсез“ ХХК эзэмшиж байна. Мардай болон Гурванбулагийн орд газруудыг “Адамс майнинг“, “Вестерн проспектор“ зэрэг томоохон компани  эзэмшдэг.
Харин Дорноговь, Сүх­баатар аймгийн нутагт нээсэн томоохонд тооцогдох орд газ­рыг “Дэнэльсон майнз“  ХХК эзэмшдэг ба  дүрмийн сангийн 15 хувийг Монголын тал буюу ТӨХ, 15 хувийг ОХУ, 70 хувийг АНУ эзэмшиж байна. Дорноговь, Дундговь, Сүх­баатар аймгийн нутагт Францын “Арева“ ХХК  томоохон лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.
 Мөн Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймагт ураны нэлээд тооны  хайгуулын лиценз олгосон ба эдгээр лицензийг Канад, ОХУ, Австрали, Монгол, БНХАУ-ын компаниуд эзэмшин, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Д.Цээпил


No comments:

Post a Comment