Saturday, April 2, 2011

Буурай Монголыг хөгжилд дуудах ураны ордыг ашиглая л даа

 

Хэдэн жил ч хав дарсан юм бүү мэд, лав л орос цэргүүд монголын нутгаас гарч явсан тэр үеэс сураг нь дуулдаж эхэлсэн уурхайн тухай өгүүлье. Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс холгүйхэн Эмээл даваа гэж бий. Орос цэргүүд байрлаж байсан энэ нутагт одоо Гурванбулагийн ураны орд олборлолтоо хүлээгээд л... Энэ ордыг ашиглах гүний хайгуулын цооног газрын хөрснөөс доош 260 метр гүн. Энгийнээр харьцуулбал 90 давхар байшинтай тэнцэхүйц гүн гэсэн үг. Харин хонгил нь 800-900 метр аж. Гэтэл ийм гүн цооног, ийм урт хонгил Дорнын их талд байгааг орос цэргүүд гарч явсан 1990-ээд оны үе хүртэл бараг л хэн ч мэдээгүй байжээ. Учир нь, тухайн үеийн ЗХУ-ын цэргийн нууц төслийн хүрээнд хайгуул хийж илрүүлсэн энэ ордод мөн л нууцаар цооног, хонгил барьсан юм байна. Энэ ордыг цэргийн зориулалтаар ашиглах сонирхолтой байсан гэх яриа мэр сэр сонсогддог л юм. Халаалтын труба, холбоо барих утас, олборлолт явуулах тэмдэглэл хийсэн зэргээс харвал нууцаар байгуулсан ордоо оросууд ашиглахад нэлээд ойртсон байж.
Орос ах нарын өөдөөс "үгүй" гэж хэлж чаддаггүй байсан тэр үед олборлолт явуулж эхэлсэн бол Монголд ашиг хуваах байсан нь юу л бол. Харин Монгол түмний аз юм уу даа, ардчилсан хувьсгал өрнөж оросын цэрэг ураны уурхайг орхин одов. Эзэнгүй орхисон цооног усанд автаж, энэ үеэс л нууцаар ураны хүдэр олборлох гэж байсныг Монголчууд олж сонсов.
Одоо Гурванбулагийн ураны ордыг "Эмээлт майнз" компани эзэмшдэг. Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компани усанд автаад байсан цооногийн усыг соруулж, 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 260 метр гүн цооногийн 100 метр нь усанд автсан байсан хэмээн мэргэжилтнүүд ярьж байна лээ. Хэдийгээр ашиглахад бэлдсэн байсан ч энэ ордын оросуудын хийсэн хайгуулын үр дүнгийн мэдээлэл жирийн иргэдэд бүү хэл Монголын Засгийн газарт ч олддоггүй юм гэнэ лээ. Иймээс хяналт нягтлах хайгуулын ажлыг бараг л эхнээс нь эхлэх шаардлага тулгараад байгаа аж. "Эмээлт майнз"-ынхан эхний ээлжид нөөцийг баталгаажуулах асар их ажлаа эхлээд байгаа.
"Эмээлт майнз" орон нутагтай харилцахыг чухалчилдаг юм билээ. Иргэдтэй зөвлөх байгууллагыг сум бүрээс хоёр хүн, мөн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг оруулж байгуулаад гурван сард нэг удаа хуралддаг гээд анхдагч зүйл ололтой. Цооногуудын усыг татаж ашиглахад бэлэн болгоод байна. Гэхдээ Гурванбулагийн ураны орд Дорнодын алдарт Мардайн ордтой харьцуулбал олборлолт явуулахад хүндхэн. Юрийн-3 цэрдийн үе буюу 135 сая жилийн настай ураны энэ орд хальс, судал, ялтас хэлбэртэй. Арван жилийн турш 2,86 сая тн хүдэр олборлох боломжтой юм байна.
Оросуудад үнэгүй алдчих шахсан Гурванбулагийн ураны ордод одоо "Эмээлт майнз" компани 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. (Гурванбулагийн ураны ордоос хэд дахин их ашиг олох Оюу-толгойн ордод Айвенхоу майнз 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн) Гүний хонгилд агаарын урсгал 1м/с-д 60 м3, дулаан нь 14-18 температур, хорогдох байр, анхны тусламж үзүүлэх бүхий л хэрэгсэл, нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэх агаарын хийн хоолой гээд одоогийн ашиглаж байгаа уурхайнуудад ч тэр бүр байдаггүй ажиллах нөхцөл стандартыг чамгүй хангажээ.
Үйлдвэрлэл явуулаад эхэлвэл 400-600 хүн ажлын байртай болно. Чойбалсангаас Гурванбулаг хүртэл 115 км замыг хатуу хучилттай болгох зэргийг ч төлөвлөөд байгаа гэнэ. Туслан гүйцэтгэх компанийн шугамаар 1000-2000 хүн ажилтай болно гэж бодохоор чамлахааргүй л тоо. Харин одоо нөөц байгуулах, төслийн эдийн засгийн болон техникийн нөхцөл бүрдүүлэх, хайгуулын лицензүүдыг ашиглалтын болгох зэрэг л үлдлээ.
Дорнод бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхүйц стратегийн ач холбогдолтой ураны ордын нэг нь Гурванбулагийн орд. Бид Оюутолгой, Тавантолгой гэж хошуурахаас стратегийн ач холбогдолтой бусад ордыг мартаад байна. Тэдгээрийг ашиглаад эхэлбэл дан ганц Оюутолгойд найдалгүй хөгжих боломж ойрхон байна даа. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ ураны ордыг онцолж байсан. Уран олборлоод эхэлбэл дэлхийд танил, бидэнд хол сонсогддог атомын цахилгаан станц байгуулж мөнхийн толгойн өвчин эрчим хүчний гачаалаас гарах ч юм бил үү.
C.Aнар

No comments:

Post a Comment