Saturday, April 2, 2011

Дорнодын ураны орд газрууд

Дорнодын ураны орд газрууд 
 
 
 
 
          Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт орших "Дорнод", "Мардайн гол", Турван булаг"-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд юм. Дорнодын ураны ордыг түшиглүүлэн 1982-1988 онд "Эрдэс" уулын олборлох үйлдвэрийг 2 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гүний малталтын 2 уурхайн барилга байгууламж, орон сууцнууд баригдсан. Дорнодын ордын 2-р хүдрийн биетээс 1988-1995 онд ураны 0,109%-ийн агуулгатай 490,6 мян. тонн хүдэр олборлож ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулдаг байсан. Эрдэс үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосны дараа түүний дэд бүтэц, материаллаг баазыг түшиглүүлэн ураны олборлолт явуулах зорилгоор АНУ, ОХУ, Монголын хамтарсан "Төв Азийн уран" компанийг байгуулсан боловч одоо хүртэл сэргээн босгож чадаагүй байна. Одоогоор "Төв Азийн уран" компаний хувьцааны 58 хувийг худалдаж авсан "Хан ресорсис" компани уг ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Мардайн гол, Гурванбулгийн ордыг хамарсан талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг "Вестерн проспектор" компани эзэмшиж, ордуудын эдийн засгийн үнэлгээ, өмнө нь хийгдсэн хайгуулын ажлын мэдээллийг магадлах үйл ажиллагаа явуулж байна. Тус ордуудын ураны баталгаажсан нөөц: Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулгийн ордод- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн юм.
          Дорнодын ураны ордууд нь Чойбалсан хот, Гурванзагал, Дашбалбар, Баяндун сумтай шороон замаар холбогдоно. Чойбалсан-Соловевск Бооржийн төмөр замын  Чингис хааны вал гэсэн цэгээс Эрдэс үйлдвэр хүртэл 96 км нарийн төмөр замаар холбогдсон. Эрдэс тосгонруу Улз голоос татсан 20 км урт ус дамжуулах шугам ажиллаж байсан. Улз голын хөндийд усны хайгуул хийж 1 метр куб/сек, Сэвсүүл голын хөндийд 0,125 метр куб/сек-ийн газар доорх усны нөөц тогтоосон. ОХУ-ын Харнуурын УЦС-аас Мардайн ордруу татсан 110 квт-ын ЦДШ, 25 мВт-ын дизелийн цахилгаан станцтай. Үйлдвэрийн болон ахуйн хэрэгцээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой. Эдгээр дэд бүтцийн байгууламжууд нь Эрдэс үйлдвэрийг хаагдсанаас хойш их хэмжээгээр тоногдсон хэдий ч сэргээн ашиглах боломжтой.

No comments:

Post a Comment