Эрдэс" хотын нууц түүх буюу МОНГОЛ УРАНЫ ГҮРЭН

1980-аад онд Эрдэнэт, Дарханаас үл дутах нэгэн орчин үеийн хотыг Монголд хэдхэн жилийн дотор байгуулсан гэдгийг мэддэг хүн төдийлэн олон биш. Тэр хотын нэрийг Эрдэс гэдэг байсныг сургаар дуулсан хүн 1990 оноос хойш харин нэмэгдсэн болов уу. Монголд үнэхээр ийм нэртэй хот байсан юм. Одоо бол балгас 4-9 давхар орон сууцны бичил хорооллуудтай, 24 цагийн турш, үл тасалдах цахилгаан эрчим хүчтэй, төмөр замтай, за тэгээд, хүн олноор суурьшсан суурин газарт юу байх ёстой, тэр болгон хоромхонд цогцолсон, 6000-7000 хүн амьдардаг Эрдэс хотыг тухайн үед Монголд Ю.Цэдэнбал тэргүүтэн л мэддэг байсан юм. Учир нь энэ хот хаалттай буюу нийтэд хориотой байлаа.
"Эрдэс" бол Монгол Улсын нутаг дэвсгэр дэх оросуудын хот, тэнд нэг монгол хүн ажиллаж амьдардаггүй байв. 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд тухайн үеийн ЗХУ, БНМАУ-ын оронд "БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх ураны орд газрыг ашиглах тухай" гэсэн маш нууц гэрээг байгуулснаа хоёр тал олон жил нууцалж байлаа.
Яг үнэндээ 1978 оноос эхлэн олон нийтээс чандлан, Дорнод аймгийн нутаг дахь Дорнодын орд бүхий газарт хориотой бүсийг тогтоосон гэдэг. Энд оросууд тун эрчимтэй хайгуул хийж байлаа. Экспедицийг Сосновский гэдэг нөхөр толгойлжээ. 1948 онд И.В.Сталины тушаалаар ураны ордыг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрээс яаралтай олж илрүүлэх зорилгоор экспедицийг Эрхүүд байгуулсан юм билээ. Маш богино хугацаанд цөмийн зэвсэгтэй болох гэсэн түүний хүсэлд хамгийн том хясал нь уран байсан хэрэг. Оросын уудам нутагт бухий л ашигт малтмал, ховор элемент байх хэдий ч уран л хомсхон заяасан ажээ. Оросууд бүр байж ядан байхад аз таарлаа. Сосновскийн экспедиц Өвөр Байгалийн Приаргунскийн орчимд хүсээд байсан ордоо илрүүлжээ. 60 мянган хүнтэй Краснокаменск хэмээх хориотой, хаалттай, хот байгуулагдсан эндээс эхтэй. Хот босохтой зэрэгцэн хорих лагериудыг олноор байгуулж байв. Өглөө эрт хэдэн арван мянган хоригдлуудыг жагсаалаар нь уурхайд оруулж, сөхөрч унатал нь хүдэр бутлуулаад тэргэнцээр зөөлгөдөг байлаа. Тэнд юу болж байдгийг нутгийн иргэд үл мэднэ. Химийн үйлдвэр байгуулж байгаа гэсэн ганцхан ойлголттой. Эргэн тойрон чанд харуул, хамгаалалттай тул хэн хотын бүсэд нэвтэрч чадах билээ. Оросууд урантай болсон ч нөөц нь чамлалттай байсан учраас даруй дараагийн хайгуулын ажилдаа орсон ч үр дүн байдаггүй. Сосновскийнхон эцэст нь Приаргунскийн ордны судал магадгүй хөрш Монгол улсын нутагт байж болох юм гэсэн таамаг дэвшүүлэн хайгуулын багаа хөдөлгөсөн нь алдсангүй ээ. 1970-аад оны сүүлээр түүний баг тун ч олз омогтой буцаж ирэв. Чойбалсан хотоос хойшоо 150 км газарт одоогийн Дорнодын хүдрийн талбайд ураны бүлгийн хэсэг ордыг тэд ирүүлсэн нь Краснокаменскийн ордоос 300 гаруй км зайтай байлаа. Монголын ураныг оросууд шууд өөрсдийн нөөцөд тооцон Краснокаменскт авчран баяжуулах төсөл тэр дороо боловсруулж, төсөлтэйгээ зэрэгцэж маш шуурхайгаар төмөр зам татаж эхлэв. Монголчуудын зөвшөөрөх эсэх тэдэнд падгүй байв. Гагцхүү Ю.Цэдэнбалд л танилцуулж, эл газарт нууц хот байгуулах болсноо хэлсэн гэдэг. Оросууд арай дэндүү балмад загнаж байсан ч эл ордыг ашигласныхаа төлөө багагүй мөнгийг Монголын талд өгч болно гэснээр ерөнхий ажил нугарч, нууц гэрээг байгуулсан түүхтэй. Ордыг Оросын тал 100 хувь дангаараа эзэмшинэ гэсэн заалт тусгасныг нь ч гэрээг байгуулалцсан манай нөхөд зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү бүрэн эрхт Монгол Улсын нутагт өөр улсын эзэмшлийн бүсийг татлаа. Оросууд манай ураны нөөцийг 60 гаруй мянган тонн гэж мэдээлсэн байдаг юм. Одоо бидний гайхуулаад байгаа алт, нүүрснээс хэдэн арав дахин үнэ цэнэтэй, цаашид хүн төрөлхтний хамгийн хэрэгцээт ашигт малтмал болох уран Монголд байдаг, байх байхдаа оросуудын тооцоолсноос хавьгүй илүү магадгүй дэлхийн хамгийн том нөөц хөх тэнгэрийн энэ улсад байж болзошгүйг олон улс орон биднээс илүү мэддэг болсон нь ч сонин түүх байдаг. Тухайн үед оросууд хамгийн шилдэг инженер, техникийн ажилтнууд, хамгийн шилдэг технологи, техник хэрэгслээ Монгол руу яаралтай илгээж байсан юм билээ.
Энэ талаар Монгол дахь хайгуул дүгнэлтийн ажилд оролцсон профессор АН.Еремеев өдрийн тэмдэглэлдээ "...ЗХУ-ын олон нууц барилга, байгууламжууд дээр очиж байсан боловч, гарааш, техник засварын газрууд, шатах тослох материалын агуулах ингэж нэгэн зэрэг хурдан босч байхыг харсангүй. Галт тэрэг ирэв үү, үгүй юү тавцан дээрээс нь өрөмдөх төхөөрөмжийг буулгаж, хэсэг хэсгээрээ зөөгөөд шууд суурилуулах юм. Зөвлөлтийн цөмийн салбар үнэхээр шилдэг ажилчдаа Монголд авчирчээ..." хэмээн дуу алдан тэмдэглэн үлдээсэн байх юм.
Монголын ураныг олборлох ажил 1985 онд эхлэв. Бульдозерууд газрын хөрсийг хуулж, ил гарсан хүдрийг ачсан вагоны цуваа Краснокаменск руу өдөр шөнөгүй түжигнэх. "Эрдэс" хот энэ зуурт мөн л хурднаар тэлж, есөн давхар сууцууд баригдаж байлаа. Мэдээж энд ажлын хүндийг Оросоос авчирсан 5000 шахам хоригдол, ялтнууд нугалж байсан юм. Оросуудын тогтоосон гэх 60 мянган тонн ураны нөөцөөрөө Монгол дэлхийд 15 дугаар байранд бичигдэж байлаа. Одоо ч яг хэвээрээ. Тэгвэл оросуудын өөр нэг нууц илтгэлд Монголын ураны нөөцийг 1.500.000 тонн гэсэн байдаг. Тэгвэл бид нөөцөөрөө дэлхийд тавд жагсана гэсэн үг. Магадгүй үүнээс хавьгүй илүү, үнэхээр дэлхийн хамгийн том ураны орд дээр бид сандайлдаг байх магадлал их. Үүнийг нотлох нэгэн баримтыг ЗХУ-ын хайгуулын ангийн илтгэлд дурдсан байдаг юм.
Сибирийн уул тайгын жим харгуйд цөөнгүй бахиал элээсэн геологичид Монголд хийсэн хайгуулынхаа талаар нэгэн зүйлийг гайхан өгүүлсэн нь Дорнодын талыг хойноос урагш нэвт, шугам татсан юм шиг шув шулуунаар хэдэн зуун км үргэлжилсэн “Чингисийн далан"-гийн тухай байдаг юм. Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн, хүний тахимаар татам эл даланг хэн, хэзээ, юунд зориулж, яах гэж, юуг тэмдэглэн ийн байгуулсны учрыг монголчууд бид ч мэддэггүй. Үүнийг сонирхдог судалдаг судлаач одоо болтол байдаггүй нь харамсалтай хэрэг шүү. Хамгийн гол нь дээрх оросууд "Чингисийн далан"-г даган АН-2 онгоцоор хэдэн өдөр ниссэн ажээ. Онгоцонд мэдээж гамма цацрагийг тодорхойлох төхөөрөмж суурилуулсан байж. Хайгуулын онгоц их доогуур, 50-100 метрийн өндөрт тойрон эргэлдэж байсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслээд тухайн газар нутгийн радио идэвхжлийн газрын зургийг гаргатал гайхалтай зүйл болов.
Дорнодын уудам тал нутаг тэр чигээрээ, малчин монгол айл бүрийн гэрийн дор ураны хазайлт тэмдэглэгдсэн байх нь тэр.
"Чингисийн далан" гэх энэ үл ойлгогдох байгууламж магадгүй асар их нөөц бүхий ашигт малтмалыг заан тэмдэглэсэн тэмдэглэгээ ч байсан юм бил үү хэн мэдлээ. Хувь заяаны тохиол гэх үү, юутай ч далдын хүчин зүйлд итгэж болохоор явдал надад төсөөлөгдөж байна. Тэрхүү оросуудын бичсэн илтгэлд ".. Тааварлахын аргагүй орд Хэрлэн Ононгийн хоорондох сав газарт байна. Монголын дорнод бүсэд тэр чигээрээ ураны хазайлт байна..." гэсэн нь ийн бодогдоход хүргэх юм.
Энэ бүхэн дахиад л бидний бахархал ч юм шиг. Мардайн ураны орд гэж л сонсож байснаас өөр олон зүйлийг мэддэггүй, бидэнд мэдэгдэхийг хүсдэггүй байсан шалтгаан үүнд байдаг юм биш биз. Ураны асар өндөр хазайлттай орон зайд амьдардаг маань нөгөө бодлын аймаар ч юм шиг. Монгол хүний богино наслалт магадгүй үүнтэй холбоотой байж болох. Тааж тайлшгүй олон нууц монголчууд бидний амьдралд тохиолдож, бид ер бусын хувь заяатай үндэстэн байхыг хэн үгүйсгэх билээ.
Юутай ч бид дэлхийн аль ч улс орноос хавьгүй баян эх оронтой ард түмэн гэдгээ ойлгодог болж байна. Бид дэлхийн аль ч улс оронтой үл зэрэгцэх баян, чинээлэг, хүчирхэг байх бүрэн боломжтой үндэстэн.
Америк, хятад, япончуудын хуруу хумсаа хугалан байж цуглуулсан, заримдаа ханцуй шамлан бусдыг дээрэмдэн талж хуримтлуулсан хөрөнгөтэй үл жиших баялаг бидэнд байна даа. Энэ бүхнийг зохицуулж, юм болгох ухаан л яг одоо хэрэгтэй байна.
Харин газар доогуур төмөр замтай, бетондож цутгасан 300 га талбай бүхий хотхонд орос хоригдлууд унаж босон ажилласаар хэчнээн нь тэндээ булшлагдсан нь Мардайн бас нэгэн нууц хэвээр үлдсэн.
Харин тэрхүү нэгэн цагт тун богино хугацаанд боссон "Эрдэс" хотоос одоо юу ч үлдсэнгүй. Оросууд 1990-ээд онд Монголоос гарахдаа хэрэгтэйгээ тонож аваад, зарим хонгилын амыг дэлбэлээд одсон гэдэг. Түүнээс үлдсэн 180 гаруй км төмөр зам, мөн хэмжээний зайд босгосон өндөр хүчдэлийн шугам гээд асар том бүтээн байгуулалтыг тэр хэвээр нь үлдээгээд одсоныг харин хэн "залгичихсан нь" сонин. Харамсаптай хэрэг шүү. Гэвч мартагдаж булшлагдсан Мардайн ордын шинэ түүх дахин амилж эхэллээ.
“Үндэсний шуудан”
Ш.ДАВААДОРЖ
No comments:
Post a Comment