Friday, February 18, 2011

Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж


2010-08-16 08:55:32
Хүмүүс: Дагвадорж.Д  | 
Үйл явдал:
Сэдэв: Star face  | 
Ерөнхий сайд С.Батболдод сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр бараалхав. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Токио хотын “Коүкгикан” ордонд зодог тайлж, үс авах ёслолоо хийх аж. Түүндээ Ерөнхий сайд С.Батболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарыг гэргийн нь хамт урьж буйгаа албан ёсоор хэллээ.

“Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, сурталчлахад асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Засгийн газар болон Монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй. Сүмогийн их спортыг хэдийгээр орхиж байгаа ч Монгол Улсынхаа нэр хүндийг цаашид олон үйл ажиллагаагаар өргөж явна гэдэгт бид найдаж байгаа.

Их аваргынхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Ерөнхий сайд урилга хүлээн авах үедээ хэлэв. Ерөнхий сайд С.Батболд улам хийморьтой явахыг ерөөн, хийморийн алдатсан морь бүхий баримал бэлэглэнэ билээ. Зодог тайлах ёслолын ажиллагаандаа Асашёорюү гадаад, дотоодын 16 мянга гаруй хүн урьж байгаа гэнэ.

Тэдгээрийн дунд Японы нэр хүнд бүхий бизнесмэн, урлаг, спортын эрхмүүдээс гадна дэлхийд танигдсан улс төр, урлаг соёл, спортын одод ч байгаа бололтой. Харин Монголоос 100 гаруй төлөөлөгч оролцох аж. Сүүлийн үед Асашёорюүг тойрсон янз бүрийн мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа. Түүнийг найз нөхөд болон ахтайгаа нийлэн ураны хайгуул хийх нэрээр Японы якуза нарын бохир мөнгө угааж байгаа хэмээн өдөр тутмын зарим сонинд мэдээлсэн.

Үүнд тэрбээр ихэд эгдүүцэж байгаагаа хэвлэлийнхнээс өчигдөр нуусангүй. Их аваргыг Ерөнхий сайд хүлээж авч уулзахад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хамт байлцсан нь сурвалжлагчдад бас л хар төрүүлж орхив. Асашёорюүг Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхэд нь цөөн асуултад хариулт авлаа.

-Та намд элссэн үү. МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын хамт Таныг хүлээж авч уулзсан нь ийм хар төрүүлэв бололтой?

-Би нам бус шүү дээ. Бид олон жил сайхан нөхөрлөсөн.

-Зодог тайлсныхаа дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Сурч боловсрохоос эхлээд төлөвлөсөн ажил олон байгаа. Юу ч болсон зодгоо тайлъя.

-Хаана амьдрах вэ?

-Эх орондоо амьдарна.

-Таныг ураны орд эзэмшихээр болж байгаа гэсэн…

-Сонин дээр харин тэгээд биччихсэн байна билээ. Яахаараа монгол хүн эх орондоо ураны орд эзэмшиж болдоггүй юм. Тийм биз дээ. Би энд төрсөн монгол хүн. Надад тийм эрх байх ёстой. Эрхээ эдэлье л дээ. Юм болгоныг гадаадынханд өгөөд хэрэггүй биз дээ. Сонины шар, бор мэдээлэлд итгэх хэрэггүй.

Го.ЭНХТӨР
www.factnews.mn

Monday, February 14, 2011

Ураны компани байгуулахаар хэлэлцжээ

Ураны компани байгуулахаар хэлэлцжээ
2010 оны 8 сарын 15
Оросын Засгийн газар Төрийн Дума буюу парламентынхаа доод танхимд Монгол Улстай хамтран “Дорнод Уран” ураны хамтарсан компани байгуулах тухай засгийн газар хоорондын гэрээг танилцуулсан байна. Энэ гэрээнд Оросын төрийн өмчийн Росатом Корпорацийн захирал Сергей Кириленко болон Монголын Цөмийн Энергийн газрын дарга Содномын Энхбат нар 2009 оны 8 сарын 25-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан байна. Монгол Улс өмнө нь өөр оронтой хэзээ ч ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй юм. Орос-Монголын ураны хамтарсан уурхай жилд 2,000 тонн уран олборлохоор төлөвлөж байна. Уурхайд Оросын талаас Атомредметзолото (АРМЗ), Монголын талаас МонАтом ХХК нар тэгш  эрхтэйгээр хувь нийлүүлэх болно гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах www.news.mn

Оросуудаас ураны талаар зөвлөлдлөө

Оросуудаас ураны талаар зөвлөлдлөө

2010 оны 7 сарын 20
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит ху­ралдаан өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газраас өчигдөр “Монгол Улсын эр­чим хүчний аюулгүй байдлыг хан­гахад цөмийн эрчим хүчийг ашиглах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зо­хион байгуулав.  Зөв­лөлдөх уулзалтад ШУА-ийн академич, докторууд оролцон “Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн та­лаар баримтлах бод­ло­го”-ыг хэрэгжүүлэх хө­төл­бөрийн талаар санал солилцлоо. Харин уг зөв­лөлдөх уулзалтын да­раа ОХУ-ын зарим тө­лөөллийг хүлээн авч ярилцахаар төлөвлөсөн байлаа. Манай улс цөмийн энергийн салбарт хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд ОХУ-тай санамж бичиг байгуулсан байдаг. Улмаар Япон, Энэтхэг, Франц, БНХАУ-тай санамж бичиг байгуулж, технологи  өндөр хөгжсөн, цөмийн эрчим хүчний реактор үйлдвэрлэгч бусад оронтой тодорхой төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Хамгийн сонирхолтой нь Япон улс “Монгол Улс заавал цөмийн эрчим хүчний цахилгаан станц барина гэхгүйгээр зөвхөн дулаан үйлдвэрлэдэг цөмийн судалгааны төвтэй байж болох юм” гэсэн санал тавьсан гэнэ. Ер нь цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулахыг Япон, Энэтхэг улс идэвхтэй сонирхож байгаа ажээ. Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын талаарх Засгийн газрын 45 дугаар тогтоолыг УИХ өнгөрсөн оны зургадугаар сард баталсан. Мөн Цөмийн энергийн хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталснаар салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчинг бий болгосон юм. Манай улс хэрэглэж буй нийт эрчим хүчнийхээ 12.8 хувь буюу 134.4 Мвт-ыг импортоор авч байна. Үүнийхээ 80 орчим хувийг дулааны цахилгаан станцын эх үүсвэрээс гарган авч байгаа ажээ. Иймд аюулгүй ажиллагаатай, байгальд хор нөлөө багатай, эдийн засгийн хэмнэлттэй, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд олон нийтэд зөв сурталчилж тайлбарлан цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох нь зүйтэй хэмээн эрдэмтэд санал нэгтэйгээр ярьж байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд нийт 436 цөмийн эрчим хүчний станц ажиллаж 372 Мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ тоо цаашид улам  нэмэгдэж 2025 онд 23 орон, 2050 онд 26 орон шинээр цөмийн эрчим хүчний станцтай болох урьдчилсан төлөв ажиглагдаж буй.  Сонирхолтой нь 2050 онд 1500 Мвт цахилгаан үйлдвэрлэх 1400 реактортой болно гэж Олон улсын цөмийн энергийн агентлагаас мэдээлсэн байдаг.
Олон улсын болон өөрийн орны хуулийн хүрээнд ажиллах, аюулгүй  ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцооны бодлоготой байх, хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байх, цацраг идэвхт хаягдлын менежменттэй болох зэрэг дэд бүтцийн асуудлууд тулгамдаж буй. Үүнийг хэрэгжүүлэх арга замын талаар Цөмийн энергийн газрын холбогдох албаны хүмүүс эрдэмтэн, судлаачдад танилцууллаа. Эндээс хамгийн гол нь цөмийн эрчим хүчний станц байгуулах байршлын талаарх асуудал анхаарал татаж байв. Энэ талаар доктор С.Дэмбэрэл ярихдаа Чернобылийн атомын цахилгаан станцын ослоос үүдэн олон нийтийн сэтгэл зүйд таагүй, ташаа ойлголт байдгийг анхааруулж, зөв ойлголт төрүүлэхгүйгээр ажилд ахиц гарахад амаргүйг сануулж байсан. Одоогоос 24 жилийн өмнө болсон уг үйл явдлыг мартагнаж, орчин цагийн нөхцөл байдал өөр болсон ч хариуцлага, хяналтын тогтолцоонд онцгой анхаарах нь зүйтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байв. Ийнхүү Цөмийн энергийн газрынхан улс төрийн яриа хэлэлцээрээс урьтаж салбарын эрдэмтэдтэй санал солилцсоны зэрэгцээ энэ асуудлаар ярих бүртээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байж, хамтарч ажиллана хэмээн амласан юм.

www.news.mn
У.Оргилмаа.  Улстөрийн тойм

“Хан ресурс” оросуудыг хамаатуулж байна

“Хан ресурс” оросуудыг хамаатуулж байна
2010 оны 6 сарын 24
Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд дуудсан тохиолдол “Марубен”, Алтан дорнод Монгол”-оор дуусахгүй бололтой. Учир нь өчигдөр Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрыг олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус компани Дорнод аймгийн нутагт орших “Дорнод-Уран”-ы ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байсан бөгөөд Орос, Монголын талтай хамтарч “Төв Азийн уран” компанийг байгуулсан юм. Энэ компанийн 58 хувийг “Хан ресурс” эзэмшдэг бол Орос, Монголын төрийн өмчит компаниуд тус бүр 21 хувийг эзэмшдэг. Гэхдээ өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалт хийгээд уг ордыг ашиглахад бэлтгэх үйл ажиллагааны зардлыг “Хан ресурс” компани зуун хувь дааж иржээ. Түүнчлэн Оросын тал “Дорнод-Уран”-ы ордоос социализмын үед олборлосон 550 орчим кг ураны хүдрийнхээ төлөөсөнд бүх дэд бүтэц болон хайгуулын судалгаагаа 300 сая ам.доллараар үнэлж, 2000 онд Монголын талд үнэ төлбөргүй эргүүлж өгсөн түүхтэй. Харин Дорнод ураны ордын тухайд Монголын хамгийн их буюу 24 мянга орчим тоннын ураны нөөцтэй орд. Хэдийгээр олборлолт явуулахад газрын хөрсний бүтэц нь бусад ордтой харьцуулахад харьцангуй хүнд ч нөөцийн хэмжээ цаашид ч улам бүр өсөх магадлалтай гэдэг.

Тэгвэл Канадын хөрөнгө оруулагчид юуны учир Цөмийн энергийн газрын олон улсын арбитрын шүүхэд дуудаж, “Алтан дорнод Монгол” компанийн адил Монголын талыг донсолгох болов гэдэгт дараах хариулт гарах аж. “Алтан дорнод Монгол”-ын хувьд Монголын Засгийн газарт татвар төлөхгүй гэдэг хуулийн үндэслэлийг барьж шүүхдэлцэж байгаа. Харин “Хан ресурс” “Дорнод-Уран”-ы ордын ашиглалтын лицензийг төрийн эрх мэдлийн хүчээр булааж авчихаад эргүүлээд хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж буй.

Үүний тайлбарыг тус компанийн Монгол дахь төлөөлөгчөөс тодруулахад “Цөмийн энергийн газар УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль болон дагаж мөрдөх журмыг батлахтай зэрэгцээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг хурааж авсан. Тухайн үед энэ талаараа лицензийн бүртгэлийг шинэчлэх зорилготой хэмээж тайлбарласан бусад компанийн лицензийг эргүүлж өгөөд манайхыг өгөөгүй. Тэр бүрт нь манайх лицензээ бүртгүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь лиценз эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан. Хэрэв лиценз цуцлах ёстой гэж үзсэн бол эхлээд тухайн компанийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийгээд дараа нь цуцлах ёстой. Шинэчилж бүртгүүлэхээр өгсөн лицензийг бүртгэхээс татгалзаж, улмаар шууд цуцална гэдэг бол байж болохгүй үйлдэл” гэдэг тайлбар өгч байна.

Мөн нэгэн сонирхолтой санаа дэвшүүлсэн нь “Манай компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд Монголын төр ямар ч байр суурь илэрхийлээгүй. Гэтэл Хятадын CNNC групп манайхаас хувь эзэмших хүсэлтээ тавихад үүнийг улстөржүүлж, “Хан ресурс”-ын лиценз хүчингүй гэдэг гэнэтийн мэдэгдэл хийсэн. Оросын талын хувьд манай лицензийг Цөмийн энергийн газарт шинээр бүртгэж авна гээд хураачихсан байх үед тавьсан. Хятадын тал ч адилхан. Тэгэхэд нэгэн дээр нь чимээгүй байгаад нөгөө дээр нь бидэнд ч хэлээгүй лиценз цуцалсан гэдэг мэдэгдэл хийсэн” гэдэг дүгнэлт байв. Нэг ёсны энэ эрх ашгийг Ерөнхий сайд асан С.Баяр болон Оросын “РосАтом”-ын төлөөлөгчид “Дорнод-Уран”-ы ордтой танилцаж, “Хан ресурс”-ын төв байрнаа сэм уулзсан уулзалтын дараахнаас өрнөсөн гэх хардлагыг Канадын тал зөвхөн өнөөдөр бус тухайн цаг мөчөөс эхлэн тавьж байсан юм.
Мөн Монголын Засгийн газраас “Хан ресурс”-ын удирдлагуудад “Бид ураны талбарт Японтой хамтрах сонирхолтой байгаа. Тийшээ хамтрагч судал” гэдэг үүрэг өгч байсан нь ч бий. Үүнийх нь хүрээнд “Хан ресурс”-ынхан Японы “Марубени” корпорацитай хамтрах гэрээнд гарын үсэг зурж байсан. Гэтэл энэхүү үйл явдалтай нь давхцаад Оросын Ерөнхий сайд В.Путин Японд айлчилж, “Монголын ураныг хамтарч ашиглана” гэдэг тохиролцоог хийчихээд Монголд үдлээд буцсан нь бий.

Ийнхүү Торонтогийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилждаг тус компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд дуудлаа. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд 22 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Дорнод-Уран”-ы ордод хийсэн бөгөөд цаашид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө төвлөрүүлөх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг тооцоотой байсан юм. Торонтогийн хөрөнгийн бирж дээр Дорнод ураны ордын хөрөнгө оруулалтыг олохын тулд 54 сая ам.долларын хувьцаа гаргаж, өдөрт 3500 тонн хүдэр тээрэмдэн, боловсруулах уурхайд жилдээ 4,5 сая тонн фунт ураны исэл үйлдвэрлэх замаар 15 жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулах төлөвлөгөө тэдэнд бий. Харин олон улсын арбитрын шүүхэнд хандах хөрөнгө оруулагчийн байр суурийн талаар Цөмийн энергийн газраас тодруулах гэсэн боловч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбарыг хийж байсан. Харин тэд “Хан ресурс”-т “Бид Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ажлаа хийсэн” гэдэг хариулт хэлжээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Засгийн газар “Хан ресурс”-ын үйл ажиллагаанд дахин шалгалт хийж, зөрчил илрүүлэх ёстой гэдэг үүрэг өгсөн нь ч нууц биш. Харин тус газрын удирдлагууд анхнаас  нь энэ асуудлыг шүүхэд очно гэдгийг мэдэж байсан тул хуулийн талаас нь хэрхэн унахгүй байх вэ гэдэг гарцыг хайж, шалгалтын дүнгээ давж гарах хүчтэй болгохын тулд хараахан мэдээлэл өгөхөөс татгалзаад буй. Нэг ёсны энэ оны дөрөвдүгээр сард багтаж Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан ч асуудлыг ул суурьтай боловсруулах хэрэгтэй гэдэг зарчмаар өнөөдрийг хүртэл сэдвийг хаалттай үлдээсэн гэхэд болно. Ийнхүү Монголын ураныг тойрсон маргаан мэтгэлцээн өнөөдрөөс эхэлж буй нь энэ.

Үүнийг хөрөнгө оруулагчийн зөв, аль эсвэл Засгийн газрын Орост итгэх итгэл нь оновчтой хэмээн дүгнэх боломжгүй. Гагцхүү Тавантолгойн төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа бацааж, хэзээ мөдгүй хөрөнгө оруулагчдыг “Монголд ирээч” хэмээн уриалахад бэлэн болсон Засгийн газарт эл асуудал нэг их таатай үр дүн ирэхгүй л болов уу. Мөн Канадын тал ил тодоор Монголын Засгийн газрын байр суурийг оросуудтай хамаатуулж, уранаа оросуудад эзэмшүүлэх сонирхолтой байгааг нуухгүй байгаа нь хамгийн гол асуудал байж мэдэх юм. Энэ нь “Хан ресурс” хөрөнгө оруулалт хийсэн 22 сая ам.доллараа зах зээлийн зарчмаар хүүтэй бодож нэхэхээс ч аюултай үр дүнд хүргэж магадгүй бололтой. Гол нь тус компанийн ерөнхийлөгч болоод ерөнхий захирал Мартин Квик хэдийгээр өөрийн ажлыг өгөх гэж байгаа ч “Хан ресурс”-ийг энэхүү шүүхийн үйл ажиллагаанд хатуу байр суурь баримтална гэдгийг мэдэгдсэн байна билээ.

Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин. 
www.news.mn

Оросууд гэдийгээд “Дорнод уран”-аа ч байгуулж чаддаггүй ээ...

Оросууд гэдийгээд “Дорнод уран”-аа ч байгуулж чаддаггүй ээ...
2010 оны 3 сарын 16
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг аль социализмын үед оросууд олоод, нөөцийг нь тогтоож, заримыг нь бүр ашиглаад эхэлчихсэн байсан ураныг ордуудын лицензийг компаниудад олгочихсон “но”-г илрүүлж, лицензийг эргүүлэн авах “аян” зарласан. Мардай, Дорнод, уран гэсэн үгс хоршоо мэт сонсогдохоор болчихсон, бараг л найман настай балчраасаа эхлээд уран гэдэг асар чухал баялаг, Мардай гэдэг оросууд дүүрэн, нууцлаг газар мэт л ойлгодог байлаа шүү дээ.
Монгол уул, уурхайн улс болно гэгдэж буй энэ үед Оюутолгой, Тавантолгой тэргүүтнээс илүүтэй анхаарал татах асуудал ураныг тойрон өрнөнө гэж буй. Эхнээсээ ч дуулиант мэдээллүүд цухалзаж эхлэв.
Үүнд Мардай, Дорнод, Гурванбулагт олгосон 12 лицензийг буцааж авна хэмээсэн дуулиантай зэрэгцээд Канадын биржид бүртгэлтэй “Хан ресорсез” компани улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордын хувьд төр эзэмших ёстой 51 хувийг өгөхгүй гэж гэдийсэн. Сратегийн ордыг эзэмшдгийн хувьд хувьцаагаа зах зээлд гаргахдаа Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой ч чингээгүй. Бирж дээр гаргасан хувьцааг нь оросууд 0,65 ам.долллараар худалдаж авах гэж байсныг Хятадын “CNNC” 0,95 центээр худалдаж авахаар болсон. Үүнээс үүдээд манай парламентчид сратегийн ордын хувьцааг гаргах дээрээ тулбал хэмжээ, хязгаар заахгүй бол нэг мэдэхэд стратегийн ордууд чинь хүнийх болчихсон байх нь гэж сандралдаж байна. Энэ зуур ураныхаа асуудлыг шийдэж чадаагүй Цөмйн энергийн газрын даргатай хариуцлага тооцох хатуухан сануулгыг Засгийн газар тасхийлгэв.
Энэ мэтчилэн ээдрээ, дуулиан дэгдэж байх зуур дуулианы эздийн нэг “Хан ресорсез” хэмээх содон нэртэй компанийнхан албан ёсоор мэдээлэл гаргаж, компанийнхаа байр, суурийг илэрхийлжээ.
“Хан ресорсез” нь болохоор Дорнодын ордуудын нэгийг эзэмшдэг “Төв Азийн уран”  компанийн 58 хувийг эзэмшдэг. Энэхүү компанийн нэгэн хэсгийг дээр дурдсан хувьцаа худалдаж авахад хятадууд далаараа тавиулчихаад байгаа “АтомРедМетЗолото” АРМЗ компани мөн л тодорхой хувийг эзэмшдэг. Манай хуулийн дагуу бол Дорнодын орд стратегийн орд учраас төр 51 хувийг нь авахаар “Хан ресорсез” Монгол Улсын төрийн мэдлийн “Мон-Атом” компанитай энэ нэгдүгээр сарын 22-нд Санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл “АРМЗ” өөрийнхөө хувиас өгөхгүй ээ гээд гэдийчихсэн. Харин “Хан ресорсез” болохоор өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийхэд бэлхэн гэсэн санаа энд тодорхой харагдаж байна. Зах зээлийн жамын дагуу хэн өндөр үнэ хэлсэн нь ялдаг, үүний цаана оросууд байсан уу, хятадууд байсан уу, бидэнд огт хамаагүй. Дээр өгүүлсэн хувьцаа зарах тухай ч асуудал эцэслэн шийдэгдээгүй. Наймаа явагдаж гэмээнэ компанийн эзэмшилд өөрчлөлт орохгүй, орох ахул хуулийн дагуу зөвшөөрлөө авна гэжээ.
Бас ураны зөвшөөрлүүдийг хурааж аваагүй, албан ёсны дүгнэлт гараагүй байтал “АРМЗ”-ын тэргүүн элдэв янзын мэдэгдэл хийж байгаа. “Хан ресорсез” эзэмшиж буй лиценз зөрчилтэй тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй. Тэгээд ч одоо түр түтгэлзүүлчихсэн асуудлыг шийдээгүй байгаа гэжээ. Дашрамд тэд бас 1995 оноос хойш энэ ордод 21 сая ам.долларын санхүүжилт хийгээд буйгаа дурдаад авчээ. Бас манай Засгийн газрын хөрөнгөөр барьсан төмөр замыг даварсан канадууд хуу татаж хаяж байна гэсэн мэдээлэл Засгийн газрын төвшинд яригдаж, Ерөнхий сайдыг хилэгнүүлээд авсан. Тэгвэл үүнийг бас “төмөр замыг Төрийн өмчийн хороо болон бусад төрийн байгууллагуудын шийдвэрээр хувьчилсан гэсэн мэдээлэлтэй байгаа” гэж тайлбарлажээ.
Энэ мэтчилэн талууд тайлбараа хэлэлцсэн ураны орд тойрсон “уран” шаглаа нэг сүлжилдэж, нэг орооцолдож байна.
Хамгийн гачлантай нь Оросын компанийн гэдийлтээс болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев манайд айлчлах үед хоёр улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд шийдчихсэн “Мон Уран” гэдэг компаниа байгуулж чаддаггүй ээ. АРМЗ-ын асуудал нэг тийш шийдэгдтэл энэ асуудлыг шийдэхгүй гэж оросууд манайд шахалт үзүүлсээр. Өмнө нь ч энэ компанийг байгуулах гэж оросуудын шахаа, монголчуудын сандрал мундахгүй л гарсан гэдэг.

А.АЛТ 
www.news.mn 

Ц.Дамдинсүрэн: Монгол Улс ОХУ-тай ураны салбар хамтрах нь үнэн, гуравдагч нь хэн ч байж болно

Ц.Дамдинсүрэн: Монгол Улс ОХУ-тай ураны салбар хамтрах нь үнэн, гуравдагч нь хэн ч байж болно
2010 оны 2 сарын 28
Өнгөрсөн долдугаар сард батлагдсан Цөмийн энeргийн хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Цөмийн энeргийн газраас шинэчлэн бүртгэсэн. Хуулийн дагуу уг ажлыг гүйцэтгэх хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болсон. Энэ талаар  Цөмийн энeргийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Цөмийн энeргийн хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг танай газраас шинэчлэн бүртгэсэн. Одоогоор хичнээн аж ахуйн нэгж, компаниудад хэдэн тусгай зөвшөөрлийг олгоод байна вэ?
-УИХ-ын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Цөмийн энeргийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж дуусаад байна. Хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын газраас олгосон тусгай зөвшөөрлийг хянаж, шинэчлэн бүртгэж эздэд нь эхнээс нь хүлээлгэн өгч байгаа. Нийтдээ 29 аж ахуйн нэгжийн 166 тусгай зөвшөөрлийг бүртгэж дууссан. Өнөөдрийн байдлаар  Францын “Арeва” компанийн охин компани болох “Кожeговь”-ийн 36, “Камeко Монгол” компанийн 10, “Эс Ар Эм” компанийн нэг зөвшөөрлийг шинэчлэн бүртгээд хүлээлгэн өгсөн.  
-Ураны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлж амжаагүй компаниуд байгаа гэж сонссон. Хуульд заасан хугацаа дуусгавар болчихлоо. Тэдгээр компани тусгай зөвшөөрлөө буцааж авахын тулд яах ёстой вэ?
-Тун цөөхөн компани цацрагт идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлөө хуулинд заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй байгаа. Тодорхой торгууль төлөөд тусгай зөвшөөрлөө буцааж авч болно. Хуулинд заасны дагуу төр буцааж авах арга хэмжээг ч авна.
-“Хаан рeсурс” компанитай холбоотой маргаан байгаа. Тэдний тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэсэн үү?
-“Хаан рeсурс”-ийн хувьд Улсын мэргэжлийн хяналтын  eрөнхий газартай холбоотой асуудлаа шийдвэрүүлсэний дараа л манай газраас тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэх ажлыг хийнэ.  Гэхдээ eр нь зарим компанийн тусгай зөвшөөрлийг дахин хянах юм. Учир нь цацрагт идэвхт бодисын лицeнзийг хуулинд заасан хугацаанд бүртгэх ажилд хүн хүч маш их дутагдсан. Тийм болохоор хаяж, гээгдүүлсэн, хараагүй өнгөрсөн зүйл юу байна гэдгийг дахин нягтлахаар болсон.
-Үүнээс хойш цацрагт идэвхтэй бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах, шинээр олгох эрх танай Цөмийн энeргийн газарт шилжсэн гэж ойлгож болно биз дээ?
-Тэгж ойлгож болно.
-Монгол Улс эхний ээлжинд уран олборлох, шар нунтаг гаргахаар болсон. Уг ажлыг оросуудтай хамтран гүйцэтгэхээр “Дорнод Уран” компани байгуулсан. Хамтарсан компани байгуулах ажил хэр урагштай байна?
-Гэрээ, хэлэлцээр, хууль журмын дагуу  хамтарсан компани байгуулах ажил явагдаж байгаа. Гэрээ байгуулж, гарын үсэг зурсны маргаашнаас л уранаа олборлоод эхэлчих юм биш. Хөрөнгө оруулалт санхүүжилтээ хийхээс эхлээд хийх ажил зөндөө байна.
-Монгол Улсын цаашдын хүсэл сонирхол бол атомын цахилгаан станцтай болох шүү дээ. Атомын цахилгаан станц барихад хичнээн хөрөнгө хэрэгтэй вэ?
-Атомын цахилгаан станц барихын тулд бэлтгэл ажил гэж мундаг даваа бий. Ямар хүчин чадалтай рeкторыг хаана барих вэ гэдэг бол чухал асуудал.
-Бас атомын рeктор барихын тулд мөнгө хэрэгтэй. Манайх шиг ядуу орон уг мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг толгойны том өвчин болох байх?
-Мөнгө бол чухал биш л дээ.
-Яагаад. Хамгийн чухал нь мөнгө санхүүгийн асуудал биз дээ?
-Уранаа олборлоод, шар нунтагийг нь гадагшаа гаргаад зарахаад багагүй мөнгө босох байх. Тэгээд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл тусламж байна.  Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргана гэсэн тооцоотой байгаа. Атомын цахилгаан станц барихад хүчин чадлаасаа хамаараад санхүүжилт хийх хөрөнгө мөнгө нь хамаарна л даа. 1000 мгВ-ын хүчин чадалтай атомын цахилгаан станцыг барихад гурван триллон ам.доллар шаардлагатай.
-Дээрх мөнгийг ядруухан төсөвтэй Монгол Улс гаргаж чадах болов уу. Eр нь атомын рeктор барихад хичнээн жил зарцуулагдах бол?
-Босгоно гэж үзнэ дээ. Ураны олборлолтоосоо “хөөрхөн” мөнгө олж чадна гэж итгэж байгаа. Тэгээд томоохон төслүүд хэрэгжвэл  эдийн засаг сэргэнэ. Энэ хэрээр ч улсын төсөв сайжрах болно. Баян орон бол зургаан жилийн дотор атомын нэг рeктор барьдаг гэсэн. Манай улсын хувьд 10-15 жилийн хугацаа орох болов уу.
-Атомын рeктор барихад бэлтгэл ажил чухал гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулна уу?
-Атомын цахилгаан станц барихад нэгдүгээрт газар нутгийн байршил чухал. Газар хөдлөлийн идэвхтэй бүс нутагт барьж болохгүй, олон хүн суурьшсан газраас хол байх ёстой. Мөн тодорхой усан хангамж хэрэгтэй байдаг. Тийм болохоор атомын рeктор барихад газарзүйч, эдийн засагч, цөмийн физикч, гeологич, экологич инжeнeр гээд олон мэргэжлээс бүрдсэн томоохон баг ажиллах хэрэгтэй болно. Хаана, яаж барих гэдэг том судалгаа хийж байж л шийдэгдэх байх. Одоогоор бол энэ талаар ярих боломжгүй байна. Атомын цахилгаан станц барих холын төлөвлөгөө байгаа болохоос за барьж эхэлнэ гэсэн шийдвэр төр засаг гаргаагүй байна.
-Атомын цахилгаан станц барихад япончуудтай хамтран ажиллахаар болсон биз дээ?
-Нэг л зүйлийг хэлэхэд Монгол Улс оросуудтай ураны салбарт хамтран ажиллах болсон нь баталгаатай болсон. Харин гуравдагч нь хэнч байж болно. Бид санамж бичигт гарын үсэг зурсан болохоос биш албан ёсны гэрээ байгуулаагүй. Албан ёсны гэрээ байгуулж яг таг тохирсон улс бол ОХУ л байна.
Ж.НЯМСҮРЭН
www.news.mn 

Хятадууд ураны орд илрүүлж, гар аргаар ухаж эхэлжээ


2011.02.14

11 цаг 43 минутын өмнө
Хятадууд ураны орд илрүүлж, гар аргаар ухаж эхэлжээ
-Нийслэлээс 60 км-т орших Тамгын өндөр уулын оройгоос уран илэрчээ-

Нийслэл хотын ойролцоо уран илэрч, түүнийг хятадууд ухаж эхэлжээ. Хар жийптэй хятадууд өдрийн   цагаар харагддаггүй, дандаа шөнийн цагаар ирж очдог гэх мэдээллийн мөрөөр өнгөрөгч бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийг зорилоо.

Цонжин болдгоос чанх урагш Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг Элстийн голыг уруудаж, төв замаас зургаан км хэртэй яваад замд тааралдсан эхний айлаас зорьж яваа хэрэг учраа хэлж, ойр хавьд нь уран илэрсэн гэдэг үнэн худлыг асуухаар түр амсхийв.

Бидний эхний уулзсан айлынхан манай энд уран илэрсэн, тэр бүү хэл хар жийптэй хятадууд шөнө дөлөөр урагш, хойш явдаг. Өдрийн цагаар бол хэн ч наашаа ирдэггүй талаар ам уралдан ярьцгаасан юм.

Нэр усаа хэлэхийг хүсээгүй энэ өрх айл хар тугалгын ордын манаач, энэ хавьд хоёр ч газар хар тугалга илэрч, хүмүүс олборлож эхэлсэн талаар цухас ярьсан юм. Уран илэрсэн гэх газрыг тойм төдий зааж өгснөөр бид Элстийн голын сайрыг даган Тамгын өндөр уулыг зүглэлээ.

Энэ уулын оройгоор хэд хэдэн газарт уран илэрсэн, хятадууд зундаа, ихэвчлэн шөнийн цагаар Монголчуудыг хөлслөн ухуулж, өөрсдөө аваад явдаг гэсэн сураг төдийхнөөр Тамгын өндөр уулыг зорилоо.

Энэ уул мөнөөх айлаас урагш арваад км-ийн зайтай ажээ. Уулын баруун сугаар хоёр, дөрвөн гэрээр хоёр ч хот айл өвөлжиж байна. Бид уулын энгэрийн өвөлжөөний айлаас эрж яваа зүйлээ сураглахаар зам муруйлаа. Баруун аймгаас ирж өвөлжиж байгаа гэх хижээл эр энгэрт нь өвөлжиж байгаа уулынхаа нэрийг хэлэхийг цээрлэсэн үү, аль эсхүл үнэнээ хэлсэн алин болох нь мэдэхгүй "Энэ уулын нэрийг мэдэхгүй. Манайх саяхнаас энүүгээр нутаглаж байгаа. Над шиг цагаач хүн уулын нэр усыг мэдэхгүй. Энэ зүүнтэй уулын оройд нэг антенн байдаг. Тэрний наад овгор дээр уран гарсан гээд хүмүүс ухаж тэмдэг тавьчихсан юм билээ" гэчихээд гэр рүүгээ эргэв.

Юутай ч эхний айлын зааж өгсөн уулын баруун урд суганд байх худгаас дээш өгсөн таван км хэртэй өгсч, хижээл эрийн заасан антенныг олохоор өөд мацав. Уулаараа цас ихтэй ч, саяхан орсон цас энгэр газрыг армаг тармаг болгожээ. Машин явах аргагүй болсон тул бид уул өөд явган мацлаа. Хоёр ч гүвээг явганаар давж уг антеннын зүүнтэй уулын орой дээрх нэгэн байшинг зүглэлээ.

Уран илэрсэн гэх орой нь энэ ажээ. Нутгийн хүний ярьснаар энэ байшинд хятадууд нэгэн казах айлыг хөлсөөр буулгаж, манаач хийлгэж байсан бөгөөд биднийг очиход байшинд хүн амьдарч байсан гэхээргүй ажээ. Уулын орой руу машин техникээр зассан зам бүдэгхэн зурайх. Байшингийн ойр орчимд хэд хэдэн ухсан нүх байх агаад нүхний амууд дээр тоо, цифр бүхий тэмдэглэгээ хийж тавьсан байв.

Хүн амьдрахааргүй өндөр газарт барьсан байшин, шинэхэн орсон бүү хэл хуучирч дагтаршсан цасан дээгүүр хүний мөр олонтаа байх нь сонирхол татсан юм. Уг ухаж өрөмдсөн нүхнүүдээс дээж авсан, олборлосныг бүү мэд. Магадгүй хятадуудын гэх "хаягтай" энэ нүхнүүдэд радиацийн хэмжээгээ бичиж тэмдэглэсэн байж болох юм. Нүх ухсан газрын эргэн тойрны модыг бүгдийг тайрч хаясан байв. Мөн ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй ухсан нүхнүүд энд маш олон ажээ.

Нутгийн иргэдийн ярьснаар Монгол залуус ч нэг хэсэг уран ухсан гэнэ. Уран бол цацраг идэвхт бодис. Ураны уурхайд ажиллахад тусгай хамгаалалтын хувцас ч нэмэр болдоггүй, тодорхой хэмжээнд хордлого авдаг гэдэг. Цацраг идэвхийг хэмждэг багаж нь өөрөө урантай байдгийг мэддэг ч хор нөлөөг нь дутуу үнэлсэн онцгой байдлын албанд ажилладаг залуу уг багажийг 2-3-хан цаг халаасалж явснаасаа болж үргүй болж, гуяны мах нь үхэжсэн гэсэн яриаг сонсч байсан юм. Энэ бодис хэчнээн хор нөлөөтэйг дээрх ухсан нүхнүүдийн ойролцоохь мод, өвс ургамлын тачир байдлаас анзаарч болохоор.

Монгол орны газрын хэвлий дор юу эс байгааг бид мэдэхгүй. Мэддэг мэргэжилтнүүд нь хаана, юу хийж суудаг нь ойлгомжгүй. Харийнхан багажаа бариад хайгуул судалгаа хийгээд, газрын ховор чухал элементээс эхлээд алт, эрдэнэсийг маань нэгд нэгэнгүй мэддэг байхыг үгүйсгэхгүй. Харийн доншуур наймаачид Монголын нутаг дэвсгэрт гэртээ байгаа юм шиг л дураараа дургиж байна. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан тэдний гар хөл болж эх нутгаа сэндийчиж байгаа ч юм бил үү. Юутай ч уран гэх цацраг идэвхт бодис нийслэлээс холгүйхэн илэрч, хятадууд гар аргаар олборлоод эхэлчихэж.

Мардайгаас өөр ураны орд гэж сонсоогүй бидэнд энэ мэдээлэл тийм ч сайнгүй байж мэднэ. Бид энэхүү уран илэрсэн газрын талаар цаашид эргэн сурвалжилж, албаны хүмүүсээс асууж тодруулах болно.

Б.Оюунгэрэл, Х.Батсайхан

Tuesday, February 1, 2011

Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч...

19 минутын өмнө
Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч...
Хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө ураныг нээжээ. Дэлхийн 20 км зузаан давхаргад 300 их наяд тонн уран байдаг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл ураны олдоц алт, мөнгөнөөс ч арвин агаад Монголын уул толгодын боржин чулууны тонн тутамд 25 грамм уран агуулагддаг байна.

Тонн тутамд агуулагддаг тэрхүү уран 125 тонн нүүрстэй тэнцдэг гээд бодохоор чамлахааргүй баялаг яах аргагүй мөн.

Уран бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг байна. Уран хэмээх металлын талаар Монголчуудад ойлголт тун багын дээр мэдлэг, мэдээлэл ч хангалтгүй байна. Гэхдээ тэртээ он жилүүдийн түүхээс харахад судалгаа, шинжилгээний ажлууд тасралтгүй үргэлжилж байсан бололтой.

Анх ураны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, анхны геологич, доктор О.Чулуун Монгол Улсад ураны найман төрлийн орд бий хэмээн үзжээ. Түүний дараа геологич Б.Мөнхтөр Гурванбулагийн ураны ордоор судалгааны объектоо сонгон ажиллаж, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Мөн С.Авирмэд, П.Очирбат зэрэг эрдэмтэд Монгол дахь ураны ордууд дээрх үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгүүд, ордын дундаж агуулга зэрэг судалгааны талаар бичиж нийтлүүлсэн удаатай аж.

1980-аад оны эхээр геологич Д.Гарамжав орос хэлээр ураны тойм судалгааны гар бичмэл үйлдэж байжээ. Түүнд ураны ордын үйлдвэрийн төрлүүдийн жагсаалт багтсан аж. Энэ нь бидний гарт ашиглагдаж буй 2007 онд шинэчлэгдэн гарсан ОУ-ын ураны ордын инструкцээс хол зөрөөгүй юм байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарч ураны судалгаа хийгдсэний дүнд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон байна. Геологийн тайлан материалуудын 18 хувийг 1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн бөгөөд бусад нь ОХУ-д хадгалагдаж байгаа аж.

Өнөөдөр Монгол Улсын Цөмийн энергийн газарт бүртгэл бүхий 130 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг дэлхийн хэмжээнд салбартаа эхний 10 байранд ордог нэр хүндтэй, гадны томоохон байгууллагууд хийж гүйцэтгэж байгаа аж.

Манайхныг ашигт малтмал, ялангуяа ураны талаар ямар ч мэдлэггүй байх үед Мардайн ураныг оросууд цөлмөөд явчихсан гэж хүмүүс ярилцдаг. 1971 онд хуучнаар ЗХУ тус ордод хайгуул хийж, 1974 онд илрүүлжээ. Таван жилийн дараа буюу 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ЗХУ манай Засгийн газартай "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглах тухай" хэлэлцээр байгуулсан байна. Түүнээс хойш 1988-1995 оны хооронд нийт 510.6 мянган тонн хүдэр олборложээ.

Тус ураны ордуудыг түшиглэн 1982-1988 онд "Эрдэс" олборлох үйлдвэр байгуулан төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн байдаг.

Дээрх уурхай нь хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байжээ. Тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажил нь манай оронд олон талын үр ашиг өгснийг мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, төмөр зам, ус дамжуулах хоолой зэрэг нь тухайн үедээ хийж чадсан томоохон ажлын нэг юм. Зөвхөн төмөр зам ч гэлтгүй үйлдвэржилтийн амьдралыг даган сургууль, цэцэрлэг гээд жинхэнэ хөгжил цэцэглэлт явагдаж байсан түүхэн үе Мардайд байжээ.

1990-ээд онд Концессын гэрээ дуусгавар болоход тус гэрээнд тусгагдсаны дагуу Мардайн ордыг түшиглэн боссон бүтээн байгуулалт, хөрөнгө манай орны мэдэлд шилжсэн. Мардайн ордод одоогоор 800 метрийн гүнтэй гурван хоолой, 130 гаруй км төмөр зам гээд олон зүйл үлджээ. Энэ орд ашиглагдаж эхэлснээс хойшхи тооцоогоор 456 сая гаруй долларын ажил хийгдсэн агаад, 600 мянган тонн хүдэр экспортлогдсон гэнэ.

Манайд ураны чиглэлээр "Cameco Mongolia" LLC, Arevamongol LLC, Denison Mines Corp, East Asia Minerals Corp, болон Khan Resources Inc зэрэг геологи уул уурхайн байгууллагууд судалгаа явуулсан байдаг ажээ.

Канадын "Хан ресорсиз"" компани Дорнодын ураны ордын ашиглалтын, Хүдрийн голын хагасыг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг. Манай улс буюу Төрийн өмчийн хороо дүрмийн сангийн дагуу 21 хувийг, ОХУ мөн 21 хувь, үлдсэн 58 хувийг эзэмшдэг.

“Дорнод Гурванбулаг", "Мардайн гол", "Дорнод"-ын ордуудын нөөцийн талаар хийсэн ОХУ-ын судалгааны ажлыг одоогийн өрөмдлөгийн үр дүнтэй харьцуулахад ураны агуулгыг багасгасан, хүдрийн биетийн хязгаарт нөөцийн хэмжээг зориуд багасгасан байдал ажиглагдаж байжээ.

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр "Дорнод уран" ХХК-ыг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ нь бас л нийгэмд хардлага сэрдлэг төрүүлж, ОХУ-д ураны ордоо найр тавиад өгчихлөө, энэ ордоороо барьцаалагдчихлаа гэсэн мэдээллийг араасаа дагуулсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Дорнод-Уран" хамтарсан компанийг Монголын тал 51, Орос 49 хувиар эзэмшихийг эцэслэн шийдвэрлэсэн. Харин "Дорнод-Уран" компанийг байгуулахдаа гуравдагч хөрөнгө оруулагчийг идэвхтэй оролцуулна гэсэн тохиролцоонд хүрчээ.

Ураныг олборлохдоо түүхийгээр гадагш зөөхгүй, дотооддоо нэмүү өртөг шингээж, боловсруулсан шар нунтаг хэлбэрээр зах зээлд нийлүүлнэ. Үүнээс гадна "Дорнод-Уран" компани Монголд 1000 ажлын байрыг шинээр бий болгоно гэнэ.

Тус салбарт үндэсний 250 мэргэжилтнийг гадаадад бэлтгэх сургалтын бүх зардлыг тус компаниас даахаар болжээ. Монголчууд 51 хувьдаа мөнгө төлөхгүй гэдгээрээ бас давуу талтай яриа хэлэлцээр болсон. Энэ хувь нь Мардайн ордын лиценз байх бол Оросын тал өөрсдийн 49 хувьдаа ногдох хөрөнгө оруулж үйлдвэрийг байгуулах юм. "Дорнод-Уран" компани нь зөвхөн Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулахаар болсон.

Оросын "Риа Новости", "News.ru" сайтуудад "Талууд Монгол улсын Дорнод аймаг дахь Дорнод, Гурванбулаг гэсэн хоёр ордыг эзэмших хувь хэмжээг тохирчээ. Монгол-Орос тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын Хан ресорзес компанид оногдоно" гэж мэдээлсэн байна. Цөмийн энергийн газраас энэ мэдээллийг эрс үгүйсгэж байв.

Оросууд яагаад ураны ордыг сонгов гэдэг асуудал урган гарч байна. Орос улс өөрөө хангалттай урантай аж. "ОХУ Байгалийн хязгаараас хэрэгцээт ураныхаа 96 хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд ураны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагдын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн. 1.5 сая тонн ураны нөөцтэй Казахстан улс өнгөрсөн жил 13500 тонн ураны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүллээ" гэж хэвлэлд мэдээлж байсан.

Килограмм ураны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тийм өндөр үнэтэй, ховор эд огт биш бололтой. Гагцхүү цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын хоорондох өрсөлдөөнийг өдөөж байна гэж тайлахаас өөр аргагүй. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд, гангаас хатуу, газрын гүний энэхүү металлиас хүн төрөлхтөн цацраг идэвхт изотоп гарган авч зэвсэг үйлдвэрлэдэг.

Нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг, энергийн гайхамшигтай эх булаг уран ертөнц дахинаа эмээж айх шалтгаан дагуулдгийг бид мартах учиргүй.

Тэртээ 1945 онд америкчууд Хирошима хотод атомын бөмбөг хаясан. Түүнд агуулагдаж байсан грамм ч хүрэхгүй U235 хэмээх ураны изотопоор асаасан гал хоромхон зуур 200 мянган хүнийг үнс болгосон гашуун түүхийг дэлхий нийт мартаагүй байна. Одоо ч түүний ул мөр бүрмөсөн балраагүй, атомын бөмбөгийн хор хөнөөлөөс болж эдгэшгүй өвчнөөр шаналж, цөхөрч яваа хүн олон бий.

Манай улс "учир битүүлэг" энэхүү металлиас болгоомжлоход илүүдэхгүй юм. Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч...

Д.Төмөр