Monday, March 28, 2011

Францын эрчим хүчний хэрэглээний 88 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг

Францын эрчим хүчний хэрэглээний 88 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг


2011 оны 3-р сарын 28
Францын эрчим хүчний хэрэглээний 88 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг
Дэлхийн эрчим хүчний нэг том эх үүсвэр бол цөмийн эрчим хүч. 2006 оны байдлаар дэлхийн 30 улсад 435 атомын цахилгаан станц ажиллаж, ойролцоогоор 370 Гигаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн тооцоо гарч байжээ.

Энэ нь тухайн үедээ дэлхийн цахилгааны эрчим хүчний хэрэглээний 16 хувийг хангаж байж. Өнөөдрийн хувьд цөмийн эрчим хүчийг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд голчлон ашиглаж байна. АНУ 103, Франц улс 58, Япон 55, ОХУ 31, Өмнөд Солонгос 20, Англи 19, Канад 18, Герман 17, Энэтхэг 16, Украин 15, Хятад, Испани 8, Бельги 7, Чех 6, Словак, Швейцарь 5, Финлянд, Венгри 4, Аргентин, Бразил, Болгар, Мексик, Пакистан Өмнөд Африк тус бүр 2, Армени, Литва, Нидерланд, Румын, Словени тус бүр 1 атомын цахилгаан станцтай.

Франц улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88, Литва 68.6, Словени 56.1 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг аж. Цөмийн эрчим хүчний эзлэх хувь нь Азийн орнуудын хувьд тухайлбал, Өмнөд Солонгост 44.7, Арменид 42.7, Японд 29.3, Энэтхэгт 5.5, Пакистанд 2.8, Хятадад 2 хувь байна. Өндөр хөгжилтэй улсууд атомын цахилгаан станц барьдаг гэсэн дүр зураг сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэнэ. Хөгжиж буй орнууд атомын цахилгаан станц барьж эхлээд байгаа аж.

Цөмийн цахилгааны эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг улс орон бүр хүсэх болсон. ОХУ 2020 он гэхэд цөмийн цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа хоёр дахин, Хятад тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол Энэтхэг 2022 он гэхэд найм дахин нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.

Атомын цахилгаан станц ашиглах асуудлаар
Олон улсын атомын энергийн агентлагт хандаж байжээ. Манай улс цөмийн энерги ашиглах талаар бүр эртнээс ярьж, санал санаачлага гаргаж байжээ. Сонирхуулж хэлэхэд 1986 оны 12 дугаар сард болсон Цөмийн энергийн комиссын хурлаар "БНМАУ-д атомын эрчим хүчийг хурдавчлан хөгжүүлэх концепци" гэсэн бодлогын төслийг хэлэлцэж байж.

Засгийн газрын Цөмийн энергийн комисс манай улсад Бага, дунд чадлын атомын цахилгаан станц ашиглах асуудлаар санал боловсруулж, Дэд бүтцийн болон Гэгээрлийн сайд (хуучин нэрээр)-ын гарын үсэгтэй албан тоотыг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал, Нобелийн шагналт Мохамед Эль-Барадейд 1999 оны нэгдүгээр сард хүргүүлсэн нь бий.

Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс аливаа орон атомын цахилгаан станц ашиглахын тулд цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтыг сайн тооцсон байх, цөмийн энерги ашиглах хууль зүйн орчин бүрдсэн байх, мөн сайн бэлтгэгдсэн хүний нөөцтэй байх ёстой гэж зөвлөжээ.

Зөвлөмжийн дагуу Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "2025 он хүртэл Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтын нэгдсэн төлөвлөлт" төслийн саналыг боловсруулж, батлуулж 2005-2006 онд хэрэгжүүлсэн байна.

Цөмийн энергийг ашиглахад боловсронгуй дэд бүтэц хэрэгтэй
Цөмийн эрчим хүчийг ашиглахын тулд тодорхой бодлого хэрэгтэй. Дэд бүтцийг нь бэлдэх асуудал чухлаар тавигддаг. Цөмийн эрчим хүчийг ашиглах улсуудын хувьд анхаарах нэг гол асуудал бол боловсронгуй дэд бүтэц. Дэд бүтэц гэсэн ойлголтод олон асуудал багтдаг.

Цахилгаан станцын барилга байгууламж, аж үйлдвэрийн дэд бүтэц, хууль эрхзүйн орчин, найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ, хүний нөөц, санхүүгийн баталгаатай эх үүсвэр зэрэг маш, олон эх үүсвэрээс бүрддэг байна.

Олон улсын атомын энергийн агентлаг шинээр цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа улс орнуудад зориулж цөмийн эрчим хүчний дэд бүтэц бий болгох талаар зөвлөмж гаргаад байгаа.

Тус агентлаг гишүүн орнуудад энэ чиглэлээр үзүүлэх дэмжлэгээ илүү үр дүнтэй болгох үүднээс цөмийн эрчим хүч ашиглах дэд бүтцийг байгуулах үе шатуудыг тодорхойлох ажлыг хийж байгаа юм байна.

А.Сингх: Японд нүүрлэсэн гамшиг ураны салбарын ирээдүйд нөлөөлөхгүй

2011.03
.28
А.Сингх: Японд нүүрлэсэн гамшиг ураны салбарын ирээдүйд нөлөөлөхгүй
Японд болсон цунами, газар хөдлөлтийн улмаас атомын цахилгаан станц дэлбэрэх аюул нүүрлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн олон улсын биржүүд дээр ураны ханш хэлбэлзэж эхэлжээ. Энэ талаар "The Energy Report" сонинд "Jennings Capital Mining"-ийн шинжээч Алка Сингхийн өгсөн ярилцлагыг хүргэе.

-Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас "Фүкүшима Дайчи" цөмийн эрчим хүчний үйлдвэр дэлбэрэх аюул нүүрлэлээ. Энэ нь ураны зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Надад тодорхой өөрчлөлт анзаарагдахгүй байна. Урантай холбоотой урт хугацааны гэрээнүүдэд нэг фаунд ураны үнийг 75 ам.доллараар тогтоосон хэвээрээ. Гэхдээ ураны зах зээлийн хэтийн төлөв тодорхойгүй болчихоод байна. Учир нь хүмүүс энэ салбарын талаар харьцангуй сөрөг ойлголттой болсон.

-Японд болсон үйл явдлын дараа Германы Засгийн газар цөмийн хэд, хэдэн реактороо хаасан. Гэтэл Хятад, Энэтхэг зэрэг орнууд энэ салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой хэвээр байна. Энэ юутай холбоотой бол?
-Германы эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Германд цаашид үйл ажиллагааг нь өргөтгөхөөр төлөвлөж байсан 17 цөмийн реакторыг 2021 онд хаахаар болсон. Энэ нь Японд нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотой. Харин Хятадын тухайд Байгаль орчны сайд нь саяхан мэдэгдэл гаргасан. Тэрбээр "Японоос туршлага судалж, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах болно" гэлээ. Гэхдээ Хятад улс цөмийн салбар дахь ашиг сонирхлоо өөрчлөхгүй. Австралиас уран импортолдог энэтхэгчүүд атомын цахилгаан станцуудынхаа тоог цөөлөх тухай ярьж байгаа ч мөн л тодорхой алхам хийгээгүй. Хятад, Энэтхэг, ОХУ-д цөмийн 42 реактор байдаг. Нийт 82 реакторыг шинээр байгуулж байгаа. Түүнээс гадна 210 реактор барихаар төлөвлөж байна.

-Тэдгээр шинэ төслийг хэрэгжүүлэх явцад ямар нэг өөрчлөлт орох болов уу?
-Японы атомын станцуудад болсон дэлбэрэлт зөвхөн цөмийн реакторын гаднах барилга дээр гарсан. Өөрөөр хэлбэл, Японд нүүрлээд байгаа цөмийн аюул нь Чернобылийнхээс эрс ялгаатай. Тухайн үед Чернобылийн цөмийн станц өөрөө дэлбэрсэн юм шүү дээ. Японы Засгийн газар нөхцөл байдлыг гартаа авахын тулд маш сайн ажиллаж байгаа. Үүнээс эерэг үр дүн гарах магадлал өндөр. Нөгөөтэйгүүр үйл ажиллагаагаа явуулж буй цөмийн реакторуудыг Чернобылийн атомын цахилгаан станцынхтай харьцуулахад аюулгүй байдлыг хэд дахин илүү хангасан. Японы цөмийн реактор дэлбэрлээ гэхэд энэ нь тухайн станцын үйл ажиллагааны доголдлоос болохгүй. Бид цунамигаас үүссэн асар хүчтэй газар хөдлөлтийн тухай ярьж байна шүү дээ. Тиймээс улс орнууд цөмийн байгууламжууддаа стресс тест хийж, илүү их өртөг гаргах байх. Түүнээс биш ор тас хаячихгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, уран, цөмийн эрчим хүчний салбарын төгсгөл хараахан болоогүй байна.

-Японд болсон газар хөдлөлт ураны зах зээлд богино болон урт хугацаанд харилцан адилгүй нөлөөлнө гэсэн үг үү?
-Тийм. Хөрөнгө оруулагчид гэнэтийн цочролд орлоо. Харин цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс цөмийн эрчим хүчний үнэ цэнийг ойлгож, ураны эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Атомын цахилгаан станцаас гарах эрчим хүчний зардал хямд байгаад хэргийн учир оршиж байна. Нүүрс ашиглан цагт нэг киловатт эрчим хүч үйлдвэрлэхэд 0.02 ам.долларын зардал гардаг. Харин байгалийн хийн өртөг 0.03 ам.доллар, газрын тос 0.12 ам.доллар болно. Гэтэл энэ бүхэн байгаль орчинд асар их хор хөнөөлтэй. Тиймээс хүмүүс сонголт хийх болно гэсэн үг. Байгаль орчноо байнга бохирдуулж, их зардал гаргасаар байх уу. Эсвэл Японд болсон шиг ийм ноцтой байгалийн гамшиг болох эрсдэлийг тооцож үзээд бага өртгөөр байгаль орчинд халгүй эрчим хүч гарган авах уу. Миний бодлоор ураны эрэлт, нийлүүлэлт цаашид өссөөр байх болно.

-Та ураны үнэ цаашид өсөн гэж бодож байна уу. Одоогийн байдлаар, нэг фаунд ураны үнэ 60-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Гэхдээ сүүлийн хэд хоногт үнэ нь буурсан. Энэ уналт богино хугацааных уу?
-Улирлын шинжтэй худалдаа хийдэг зах зээлд бол нийт ураны 80 хувийнх нь гэрээг урьдчилаад хийчихсэн байдаг. Харин жижиглэнгээр худалдаалдаг зах зээлд нийт ураны 8-12 хувь нь гардаг. Өөрөөр хэлбэл, гэрээг урьдчилан хийх замаар ихэнх ураныг борлуулдаг гэсэн үг. Тиймээс ураны үнэ урт хугацаанд өөрчлөгдөхгүй. Ойролцоогоор нэг фаунд нь 73 ам.доллар хэвээр байна. Харин богино хугацаанд үнэ нь буурч, 60 ам.доллар хүрсэн. Үйлдвэрлэгч, компаниуд ихэвчлэн урт хугацаатай гэрээ хийдэг. Тэдний хувьд гэрээндээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Харин жижиглэн худалдаа хийж буй хүмүүс, сангууд ураны үнийг нэлээд хэлбэлзүүлж байгаа юм. Энэ бүхэн нь ерөнхийдөө "Бритиш Петролиум"-ын хэрэг явдалтай адилхан. Тухайн үед газрын тосны үнэ богино хугацаанд огцом унаж байсан ч дараа нь сэргэсэн.

-Уран олборлогч компаниудын үнэт цаасны ханш богино хугацаанд унаж байгаа нь цаашид ямар өөрчлөлт авчрах вэ?

-Уран олборлогчдын хувьцааг худалдан авахад хамгийн тохиромжтой үе тохиогоод байна. Өөрөөр хэлбэл, богино хугацааны үнийн уналтыг ашиглаад томоохон компаниудын хувьцааг худалдан авах боломжтой гэсэн үг юм. Ер нь ураны үнэ өснө гэдэгт итгэлтэй байж болно. Зөвхөн АНУ-д л гэхэд цөмийн 104 реактор үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрт жил бүр 60 сая фаунд уран шаардлагатай. Ураны үнэ Японд газар хөдлөлт болохоос өмнө нэлээд өсч байсан. Санхүүгийн хямралын үед буюу 2008 онд нэлээд буурч байсан нь ч бий. Харин энэ оны тухайд ирэх намраас эхлээд ханш нь тогтворжих байх. Цөмийн эрчим хүчний салбар бол байнгын хор хөнөөл, өртөг багатай.
3
Т.Элиса    2011